Аялалд гарахдаа заавал авч явах, зайлшгүй шаардлагатай зүйлс

Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд цар тахалд баригдаж, аялал, зугаалга гэдгийг мартаад байсан. Өнгөрсөн жил ч хэсэгчилсэн хөл хорионоос болоод орон нутгийн аялалд гарахад хүндрэлтэй байлаа. Харин энэ жилээс бүх зүйл хэвийн горимд шилжиж, бид хуучин амьдралын хэв маягтаа буцах боломжтой болж байна. Урин дулаан цаг ирж байгаа тул энэ жилийн зун хаа нэгтээ аялж, дурсамж бүтээхээр төлөвлөсөн хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин аялалд гарахын өмнө маршрутаа төлөвлөж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, шаардлагатай эд зүйлсийг марталгүй бэлдэх нь бидний аяллыг илүү ая тухтай болгодог. Тиймээс удахгүй эхлүүлэх аялалдаа зайлшгүй хэрэг болох дараах зүйлсийг заавал авч явахыг бид танд зөвлөж байна.

Анхны тусламжийн хайрцаг

Эмнэлгийн үйлчилгээнээс хол замд явахад хамгийн хэрэгцээтэй зүйл бол анхны тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл юм. Эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн, яаралтай нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс наад захын өвчин намдаах эм болон анхны тусламжийн хэрэгслийг заавал авч явах шаардлагатай.

Борооны хувцас

Зуны улирлыг бороогүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Гэвч аяллын үед бороотой цаг агаар биднийг хөгжөөхөөсөө илүү зутраах нь элбэг. Харин усны гутал, борооны цув, хүйтэнд өмсөх дулаан хувцсаа авсан байхад бороотойд ч ая тухтай аялж болно.

Цахилгаан хэрэгсэл

Та хол замд тэр дундаа хөдөө аялж байгаа бол танд зөөврийн цэнэглэгч, гар чийдэн, асаагуур зэрэг цахилгаан хэрэгслүүд хэрэг болох нь гарцаагүй.

Бичиг баримт

Иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, төлбөрийн карт зэргийг аялалд төдийгүй хаана ч явсан биедээ үргэлж авч явах хэрэгтэй байдаг. Тиймээс аялалд гарахдаа шаардлагатай бичиг баримтуудаа авсан эсэхээ заавал шалгаарай.

Бэлэн мөнгө

Орон нутгийн зарим газруудад сүлжээгүйгээс болоод карт унших эсвэл Интернэт банк, Мобайл банк ашиглан мөнгө шилжүүлэх боломжгүй байх магадлалтай. Тиймээс та ойр зуурын хэрэглээнд зарцуулах бэлэн мөнгө бэлдэж явахаа битгий мартаарай.

Автомашины багаж, хэрэгсэл

Аяллын хамгийн чухал зүйл нь аюулгүй байдал юм. Тиймээс автомашинтай аялалд гарч байгаа хүмүүс запаас дугуй, олс болон бусад хэрэг болохуйц багаж, хэрэгслүүдээ бэлдэж авч явах шаардлагатай.

Газрын зураг

Орон нутаг эсвэл гадаадад аялахад хамгийн хэрэгцээтэй зүйл нь яах аргагүй газрын зураг юм. Хөдөө орон нутагт аялж байгаа бол утасны GPS болон Map аппликэйшнүүдэд 100% итгээд хэрэггүй. Учир нь манай суурин газраас хол зарим бүсүүдэд утасны аппликэйшнүүд ажиллах боломжгүй байдаг. Тиймээс таны аялж буй улс орон, нутаг дэвсгэрийг харуулсан хэвлэмэл газрын зураг авч явахыг санал болгож байна. Нэмж дурдахад Голомт банкнаас эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөсөн аялагчдадаа зориулан жил бүр эрхлэн гаргадаг “Монгол орны аяллын газрын зураг”-ын шинэ хувилбар таны гар дээр очиход бэлэн боллоо. Та энэхүү газрын зургаас 21 аймгийн дахин давтагдашгүй, байгалийн дурсгалт газруудын байршил, тэдгээрийн танилцуулга болон Монгол орны нийт нутаг дэвсгэрт Голомт банкны картаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллага, ресторан, амралтын газар, жуулчны баазуудын талаарх мэдээллийг олж авах боломжтой. Энэ удаагийн газрын зураг нь хэвлэмэл болон дижитал гэсэн 2 хувилбартай тул та өөрт тохирох хэлбэрийг сонгон “Монгол орны аяллын газрын зураг”-тай хамт аюулгүй аялаарай.