Аялал бол...

Аяллаас хүмүүс юу олж авч, юу мэдэрдэг вэ? Өргөн уудам дэлхий, өөр өөрийн гэсэн үнэ цэнтэй улс орны соёлууд, дахин давтагдашгүй байгалийн дурсгалт газрууд, хүний гараар бүтсэн агуу бүтээн байгуулалтууд гээд бидний үзэж, харж чадаагүй зүйлүүд дэлхий дээр олон бий. Аялал бидэнд энэ бүх зүйлийг нүдээрээ харах боломж олгохоос гадна хувь хүний мэдрэмж, хандлагатай холбоотой олон эерэг өөрчлөлтүүдийг ч бий болгож чадна. Аялал бол аз жаргал, шинэ сорилт, мэдлэг туршлага юм.

“Аялал бол аз жаргал”

2020 онд Booking.com вэбсайт 17 мянган хүний дунд аяллын сэтгэл ханамжийн судалгааг явуулжээ. Судалгаанд оролцогчдын 77 хувь нь хүнд хэцүү цаг үед сэтгэл санаагаа засахын тулд аялах шийдвэр гаргадаг гэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь нь шинэ зүйл худалдаж авах, болзоонд явахаас аялалд явах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг гэж үзсэн байна. Энэхүү судалгааны дүнгээс харахад аялал бидний амьдралыг илүү аз жаргалтай бас амттай болгодог байх нь. Биднийг амралтгүй ажиллаж, завгүй гүйж байхад ч амьдралын маань өдрүүд урссаар байх болно. Харин өөрт оногдсон энэ цаг хугацааг хэрхэн өнгөрөөх вэ гэдэг нь бидний шийдвэр, сонголтоос шууд хамаардаг. Тиймээс боломж гарах бүрдээ аялж, аз жаргалыг мэдэрч, хайртай, дотны хүмүүстэйгээ хамт халуун дулаан дурсамжийг бүтээгээрэй.

“Аялал бол шинэ сорилт”

Нийт хүмүүсийн 60% нь өөрийн тав тухтай бүсэд амьдардаг гэнэ. Тав тухтай бүс гэдэг нь танд аль хэдийн дасал болсон, айдасгүй орчин нөхцөлийг хэлнэ. Тиймээс бид эндээс холдох дургүй ба шинэ орчинд орж, шинэ сорилттой нүүр тулахыг тэр бүр хүсдэггүй байна. Тав тухтай бүсэд маш аюулгүй, тайван байх ч хэзээ ч өсөж, дэвших боломж байдаггүй. Харин дассан орчноосоо холдож, шинэ адал явдалтай нүүр тулах нь бидэнд үргэлж өсөлтийг авчирдаг давуу талтай. Танд өөрчлөгдөх боломж, цаг хугацааг жинхэнэ утгаар нь олгож чадах зүйл бол аялал юм. Тиймээс аялалд гарч, шинэ газартай танилцаж, өөртөө хөгжих боломж олгоорой.

“Аялал бол мэдлэг туршлага”

Францын нэрт зохиолч, утга зохиолын Нобелийн шагналт Анатол Франц “Аялал бидэнд их зүйлийг сургадаг. Заримдаа нэг өдрийн аялал гэртээ байсан арав гаруй жилийн туршлагаас ч илүүг бидэнд ойлгуулж чадна” хэмээжээ. Яах аргагүй аяллаас бид мэдлэг мэдээлэл, туршлага олж авахаас гадна хүмүүсийг танин мэдэх, тухайн газрын соёлыг ойлгох, өөр өнцгөөс дэлхийг харах боломжийг олж авдаг. Тиймээс аялах бүрдээ өөр өөр ахуйн хэв маягийг харж, түүнийхээ хэрээр амьдралын туршлага хуримтлуулдаг давуу талтай.