ЧИНГИС ХААНЫ МОРЬТ ХӨШӨӨ (Төв)

ЧИНГИС ХААНЫ МОРЬТ ХӨШӨӨ (Төв)

ЧИНГИС ХААНЫ МОРЬТ ХӨШӨӨ (Төв)

Чингис хааны морьт хөшөөг “Гиннесийн ном”-д бүртгэж “Дэлхийн хамгийн том морьт хөшөө” гэсэн гэрчилгээ олгожээ. 40 метр өндөртэй энэ хөшөө нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бий. 2008 онд хөшөөг барих үед уг газарт Цонжинболдог хэмээх эртний аястай нэрийг шинээр зохиож өгсөн юм. “Цонж” (онцгой өндөр, содон), “болдог” (толгой, довцог) гэсэн үгс нь “содон өндөрлөг” гэсэн утгатай. Хөшөөний байршлыг эртний Хэрэйд, Монгол аймгийн заагт сонгожээ. Чингис хаан өөрийн төрөлх нутаг Хамаг Монголынхоо зүгт харж буйгаар хөшөөг бүтээсэн. Чингис хаан энэ нутагт Тайчуудыг эцэслэн дарж, Хэрэйдийг мөхөөх тулаанд ялсан гэж үздэг. Мөн Чингис хааны тахилгын дуудлагад гардаг “ Туул мөрний Гурван улхун” энд бий. Тулгат гацаа, Чингис уулын домог ч энэ нутагтай холбоотой. Жуулчид хааны хүлэг морины хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч, жижиг танхимд орсноор цогцолборыг бүтээсэн тухай баримтат киног үздэг. Морины дэл дээрх тавцангаас ойр хавийн байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Хөшөөний суурь болох дугуй барилгын 36 багана нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг. Барилгад уран зургийн галлерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллъярдын өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний газрууд бий. Тус цогцолборын ерөнхий архитектороор Д.Эрдэнэбилэг ажиллажээ.

Book now