Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймаг нь анх 1931 онд байгуулагдсан. Нийт 63 мянган км2 нутаг дэвсгэр, 113 мянга орчим хүн амтай томоохон аймгуудын нэг юм. Аймгийн төв нь Арвайхээр хот ба Улаанбаатар хотоос 431 км зайтай. Монгол Улсын төв цэг бол тус аймгийн Бүрд сумын Онгон уул юм. Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай ба хойд хэсгээрээ хангайн нурууны салбар уулс, төв хэсгээрээ хөндийн тал, өмнө хэсгээрээ Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээр нутаг хослон оршдог. Түүнчлэн тус аймаг нь байгалийн болон түүхэн дурсгалт газруудаараа алдартай, Монголын аялал жуулчлалын томоохон бүс нутаг билээ. Тиймээс ч байгалийн үзэсгэлэнт газар, зам харилцааны өргөн боломжийг түшиглэн байгуулсан улсын хэмжээнд томоохонд тооцогдох амралт, рашаан сувиллын газар, жуулчны баазууд энд үйл ажиллагаагаа явуулдаг. Өвөрхангай аймагт Арц богд, Хужиртын рашаан, Хүйсийн найман нуур, Хархорум хот, Эрдэнэ зуу хийд, Улаан цутгалан, Төвхөн хийд зэрэг дурсгалт газрууд байдаг. Үүнээс гадна Орхон, Онги зэрэг томоохон голууд урсах тул эрүүл мэндийн рашаан, ус ч элбэг байдаг.

Book now